
С.Цэрэнчимэд П.Орхоноос даагаа нэхэж, Т.Тулга дээд жиндээ түрүүлэв

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 62, эмэгтэйчүүдийн 27 дахь удаагийн насанд хүрэгчдийн УАШТ Монгол бөхийн өргөөнд эхэлсэн. Энэ жилийн УАШТ нь Монгол Улсын гавьяат тамирчин, “Москва-1980” олимпын хүрэл, “Мехико-1978” ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын 12 удаагийн аварга Дугарсүрэнгийн Оюунболд агсны нэрэмжит болон болж байгаа юм. Лос Анжелесын олимпийн циклийн эхний улсын аваргад 22 байгууллагын эрэгтэй, эмэгтэй нийт 265 тамирчин 10 жинд өрсөлдөж байна.
Ч.ОТГОНТУЯА ТҮРҮҮЛЭВ
Эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Ч.Отгонтуяа түрүүлж, Ц.Намуунцэцэг мөнгөн медаль хүртлээ. Эдгээр бөхчүүд хэсгийн шатнаа учраа таарахад Ч.Отгонтуяа 9:8 харьцаатайгаар ялсан юм. Ч.Отгонтуяа финалд хий зайгүй нягт барилдсанаар өрсөлдөгчөө цэвэр давж түрүүллээ.
Хүрэл медалийг Бямбасүрэнгийн Халиун гардав. Тэрбээр медалийн төлөөх барилдаанд “Дархан Хасу Fohow” клубийн бөх Г.Цовоог хүч, техникийн илт давуугаар буулгаж авсан.
